“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах анхдугаар зөвлөлдөх уулзалт Баянхонгор аймгаас эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах анхдугаар “Зөвлөлдөх уулзалт” Баянхонгор аймагт боллоо.
Уулзалтыг нээж Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан үг хэлж, аймгийн хүнсний салбарын үйл ажиллагааг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулж, үндэсний үйлдвэрлэгчидтэй санал солилцлоо.
Тус аймагт 24 хүнсний үйлдвэр, аж ахуй нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аймгийн дотоодоосоо хангах хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг өсгөхөөр хамтран ажиллаж байна.
Орон нутгийн хүнсний салбарын баялаг бүтээгчид Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байв.
Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, малын тэжээлийн тариалалт, хүнсний ногоо, махны зоорийг кластераар хөгжүүлж, экспортод гаргахыг зорьж байна. Ингэхдээ ингэний хуурай сүү, сүүн чихэр зэргийг үйлдвэрлэх төслийг хийж, бэлэн болгожээ. Мөн 6000 м.кв орчим хүлэмжийн аж ахуйг барьж, тоног төхөөрөмж, 1000 м.кв дөрвөн улирлын зоорийг бүтээн байгуулсан байна.
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, “Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэр, аж ахуйг кластераар хөгжүүлэхийг зорьж, хэрэгцээтэй суурь баазыг бэлдсэн байна. Одоо бидэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах үлдэж байна. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд олгодог зээл өндөр үр дүнтэй байсан. Хөдөө, орон нутагт зээлийн хуваарилалт, хүртээмжийн асуудал сайнгүй байна. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатыг эхлүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдэд тэгш, хүртээмжтэй боломж олгох, мөн аймгууд дотоодын ногоо, жимс, мах махан бүтээгдэхүүн зэргийг хэрэглэж, эрүүл хүнсээр хангагдах шаардлага нэн тэргүүнд байна” гэв.