Ж.Чулууны “Уран хас” пянзанд мөнхөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-12 12:53:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг пянзанд мөнхөллөө.


Энэхүү бүтээл нь монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн сард тоглосон. Энэ үеэр “Чулуун” сангийн тэргүүн, ардын жүжигчин, удирдаач Ч.Чинбат “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын урын санд гардуулж өгчээ. Тэгвэл энэхүү сонгодог пянзны нээлт маргааш УДБЭТ-т болно.


Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэг “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжмийг пянзанд бичсэнээр Монголын мэргэжлийн урлагт нэгэн шинэчлэл ирж байгааг тодотголоо. Тэрбээр “Дуурь, бүжгийн эрдмийн театрын алсын хараа бол дэлхийн стандарт бүхий хөгжимт үндэсний театр болох юм. Энэ хүрээнд эрхэм зорилгоо тодорхойлсон. Театрын үнэт зүйл бол уламжлал ба шинэчлэл. Өнөөдөр уламжлал, шинэчлэлийн тодорхой нэг үзэгдэл харагдаж байна. “Уран хас” бүжгэн жүжгийн хөгжим пянзанд бичсэнээр бид өнгөрсөн зуунаас өвлөсөн уламжлалаа ирээдүйд шинэчлэл болгон авчирч байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна” хэмээн тодотголоо.


Үндэсний шилдэг бүтээл “Уран хас”-ыг бүжгэн жүжиг болгож, тайзнаа тавьснаас хойш 52 жил болжээ. 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг бүжгэн жүжгийг анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Үүнийг  Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва дэглэж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав удирдан, ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар нь ажилласан түүхтэй. Харин цомнолыг нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн, академич, хөдөлмөрийн баатар Б.Ширэндэв бичсэн юм.



Холбоотой мэдээ