Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо түүхэн тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг эх орондоо анх удаа түүхэн тоглолт хийх гэж байна.
Тодруулбал, Азийн аварга шалгаруулах В дивизоны тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатар хотын “М банк арена”-д өнөөдөр 15:00 цагаас тоглох юм. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн түүх харьцангуй богино настай ч манай тамирчид өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж, түүхийн шинэ шан татсаар ирсэн. Тухайлбал, сүүлийн гурван Азийн наадамд дараалан өрсөлдөж, Азийн АШТ-ий В дивизионд анх удаа хүч сорьж, сүүлийн гурван жил дараалан лигийн тэмцээнээ амжилттай зохион байгуулав. Энэ дундаас ялгарах онцлог мөч нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ “Токио-2020” олимпын наадамд багийн спортын төрлүүдээс анх удаа эрхээ аван өрсөлдсөн явдал байлаа.
Хөгжөөн
дэмжигчдийнхээ өмнө анх удаа тоглох тэдний эхний өрсөлдөч нь Хонконгийн шигшээ
юм. Хонконгчууд өчигдөр эхний тоглолтдоо Тайваньд хожигдсон. Тиймээс тэд
хожигдох эрхгүй. Тэгвэл манай баг эхний хожлоо авахаар фанатуудынхаа өмнө
гарна. Олимпын наадмын оролцогч, өдгөө
БНХАУ-ын лигт хүчин зүтгэж буй О.Хулан шигшээ багтаа туслахаар эх орондоо ирээд
байгаа билээ.