ӨВӨРХАНГАЙ: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 55 хүнсний үйлдвэр хөнгөлөлттэй зээл авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт”-ыг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшүүлж буй бодлого, зорилт, үйл ажиллагааг оролцогчдод танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Тус аймагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог хөнгөлөлттэй зээлд 55 хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдаж, хүнсний бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тэдгээрийн нэг болох “Орда”, “Өв жүр үр” зэрэг талх, нарийн боовны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг нь сонслоо. Тус үйлдвэрүүд нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, 10-11 хүнийг ажлын байраар ханган, 11 төрлийн талх, нарийн боовоор нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байна.
Үйлдвэрлэгчид “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхэд анхаарахыг хүслээ. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэмжиж ажиллахыг илэрхийлсэн юм.