Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган, дахин санал хураадгийг болиулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын чуулганы энэ сарын 11-ний нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийг танилцуулжээ.
Тэрбээр “УИХ дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг, харьяалагддаггүй
гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учир хуралдааны үргэлжлэх
хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтална. Тухайлбал,
Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотой 10:00
цагт эхэлж, 11:00-12:00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы
нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг ч тодорхой зарлана. Гишүүд
асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны
дундуур танхимыг орхих нь нийтлэг байсан. Цаашид хуралдааны хугацаа тодорхой
болох учир гишүүд хуралдааны танхимд сууж, хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай
оролцох шаардлага тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, хуралдааны
танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхивол тухайн гишүүний нэрийг
жагсаалтаас хасна” гэв.
Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, УИХ аливаа
асуудалд хариуцлагатай байх үүднээс зарим тохиолдолд олон удаа горимын санал
гарган, дахин санал хураадгийг таслан зогсооно. Гишүүд асуудлыг дэмжсэн бол шийдвэрийг
нь гаргах нь зүйтэй гээд, гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг сануулан, “УИХ-аар
хэлэлцэж буй асуудал бүхэнд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. УИХ
иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргахыг олон нийт хүсэж байна"
хэмээснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.