ТОП-100 аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-13 13:35:04

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. СЗХ-ны хуралдаанаар ТОП-100 аж ахуйн нэгжээс үнэт цаас гаргахад тавих шалгуурыг багасгаж, хялбар шуурхай бүртгэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.


Тодруулбал, ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанид нийтэд санал болгон анх удаа хувьцаа /IPO/ гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй, нэг жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногт шийдэх зохицуулалтыг тусгажээ.


Ингэснээр дотоодын томоохон компаниудад хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гарган санхүүжилт татах зохицуулалтын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигт ажиллагаа, нэр хүнд, засаглал нь өсөх, улмаар гадаад, дотоодын зах зээлээс дахин санхүүжилт татахад давуу тал үүсэж, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх аж.


УИХ-аас өнгөрсөн онд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсын санхүүгийн байгууллагаас манай улсын бондын зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүнтэй холбогдуулж “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д уг бондыг бүртгэх зохицуулалтыг нэмж тусгасныг ч хурлаар баталжээ. Үүний дүнд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна Засгийн газрын үнэт цаастай адил эрсдэлгүйд тооцогдох санхүүгийн хэрэгсэл бий болж, бондын зах зээл олон улсын жишгээр хөгжих боломжтойг СЗХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ