Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-13 13:49:18

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-наас стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Шалгаж нэгжиж, торгодог арга барилаас стандартын тохирол, нийцэлд аудит хийх, үл тохирлыг сайжруулах, асуудлыг шийдэх, хамтын ажиллагааны соёл, хандлагад суурилсан тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх аргачлал бүхий “Стандарттай байгаль орчны салбар” шинэ бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна.


Тухайлбал, агаарын чанар, утаа тоосонцорын хэмжээг хязгаарлах, гол, нуур, гүний усанд нийлүүлэх бохирдлын түвшин, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, устгах, аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, хот суурин газрын дуу чимээний дээд хязгаар, цацрагийн аюулгүй ажиллагаа, уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээлтийн аргачлал, ойн сан, газар тариалан, бэлчээрийн зохистой ашиглалтын, уур амьсгалын эрсдэлд үндэслэсэн төлөвлөлт, дасан зохицох бодлогыг нэвтрүүлэх арга зүй, уур амьсгалын нөлөөлөл, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт, хүлэмжийн хийг багасгах, эрчим хүчний үр ашгийг нэмэх менежментийн тогтолцоо зэрэг стандартыг мөрдүүлэхэд салбарын менежментийн нөөцийг чиглүүлэх аж.


Ингэснээр олон улсын стандарт хангасан бараа бүтээгдэхүүнийг экспортлох, чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэхээс гадна хог хаягдал, бохирдлыг багасгаж, байгальд ээлтэй үйлдвэр, үйлчилгээ явуулах нөхцөл бүрдэхийг БОУАӨЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ