Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Германы Элчин сайд Хэльмут Кулитцтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, Д.Энхтуяа, Г.Очирбат нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Хэльмут Кулитцтэй энэ сарын 9-нд уулзав.
Байнгын хорооны
дарга С.Ганбаатар Монгол, Германы ард түмнүүдийн уламжлалт дотно харилцааг
онцлон тэмдэглэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега
төслийн талаар товч танилцуулан, эдгээр мега төслийг хэрэгжүүлэхэд хамтын
ажиллагааны дэмжлэгийг чиглүүлэх, мөн үндэсний аж үйлдвэрлэгчдийн
бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах,
хамтран ажиллах талаар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэх шаардлага тулгарч буйг
дурдав. Үүний дотор аж үйлдвэрийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрийг
хөгжүүлэх талаар үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжилтэй тус улсаас суралцах,
судлах зүйл маш их бийг тэрбээр өгүүлэв. Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй
болгоход парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод, аж
үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон Европын
зах зээлд гарах худалдаа, маркетингийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр
Германы шинжээч, экспертүүдийг урьж ажиллуулах саналтай байгаагаа хэллээ.
Европын
Холбооноос Монгол Улсад худалдааны таатай нөхцөл олгож байгаа хэдий ч
хангалттай хэмжээнд хүрэхгүй байгааг Элчин сайд Хэльмут Кулитц дурдаад, үүнийг
нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнд тавигдах тарифын бус нөхцөл, түүн дотор
чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах, мөн давуу талдаа суурилсан өндөр
чанартай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг шинээр хөгжүүлж, нэр төрөл, тоо
хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр УИХ-ын
гишүүн Б.Уянга үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, түүний хэрэгжилтийг үр дүнд хүргэх талаар Германы туршлагыг судалж,
хамтран ажиллах асуудлыг хөндөн, нар, салхины зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх
үүсвэрийг хөгжүүлж, энэ талаар төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажилласан нь
манай улсад бодитой үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Иймд Байнгын хорооноос Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах
Герман Улстай туршлага солилцох
ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж, үүнд шинжлэх ухаан, инновацын
байгууллага, үйлдвэрлэгчдийн төлөөллийг түлхүү оролцуулахаар ажиллаж байгаагаа
танилцууллаа.
УИХ-ын гишүүн
Д.Энхтуяа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мега төслүүдийг амжилттай
хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх явдал
гэдгийг чухалчилж, энэ талаар Герман Улстай явуулж буй хамтын ажиллагааг
эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн
Г.Очирбат манай улсын аж үйлдвэрийн салбарт герман технологи, тоног төхөөрөмж
болон үйлдвэрлэл, чанарын стандарт хангалттай суурилагдаад байгааг дурдаж,
эргээд тус улсын болон Европын бусад улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах нь
чухал байгааг дурдсан юм. Тэрбээр Хамтарсан Засгийн газарт улс төрийн намууд
бодлогоо зангидан ажиллаж буй тул Монгол Улс хөгжлийн ихээхэн таатай үе дээрээ
байгаа гэдгийг онцлов.
Элчин сайд Хэльмут
Кулитц УИХ-ын гишүүдийн хөндсөн асуудлууд Монгол Улсын хувьд ихээхэн чухал
гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд
урьд өмнө сэргээгдэх эрчим хүч, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон жижиг,
дунд үйлдвэрлэлийг дэмжих, аж үйлдвэрийн паркийн эрх зүйн орчныг бүрдүүлэх
талаар идэвхтэй ажиллах ирснийг танилцууллаа. Цаашид хамтын ажиллагааг улам
гүнзгийрүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, туршлага, мэдээлэл
солилцох болон бусад арга замаар өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв гэж
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.