АРХАНГАЙ: Засгийн газрын тогтоолд хэд хэдэн асуудлыг тусгаж шийдвэрлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-14 17:35:43

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.


Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтана.


Тус бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.


Өнөөдрийн үйл ажиллагааны төгсгөлд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Ажил нь эхлээд зогссон  Хангайн бүсийн гурван аймгийн дулааны станц, Дашинчилэн Орхоны гүүрний авто замаас Өлзийт, Хайрхан сумаар дайран өнгөрөх мянганы замын босоо тэнхлэгийн 120 км авто замын ажил, аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлуудыг богино хугацаанд дуусгах шаардлагатай арга хэмжээг авах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдэрлэх үйлдвэрүүдийг байгуулах зэрэг хэд хэдэн томоохон асуудлуудыг Засгийн газрын тогтоолд тусгаж шийдвэрлэхээр боллоо.

Холбоотой мэдээ