АРХАНГАЙ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйгаас гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-15 10:35:45

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт боллоо.

 

Өргөтгөсөн хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.



 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцон “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, гадаад, дотоод улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, хангайн бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулав. Тэрбээр, Бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгож хөгжүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх нь чухал. Бүсийн аймгууд нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа шийдэх, ямар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ ил тод ярилцах шаардлагатай. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, их хаанаар овоглосон баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын төлөө хангайн бүсийн иргэд онцгой анхаарах ёстойг хэллээ.

 

Мөн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар хангайн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг хангайн бүсээс УИХ-д сонгогдсон есөн гишүүн нэгтгэж хэлэлцүүлэв.

 

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах зэрэг хөдөө аж ахуйн салбарын саналыг хэллээ. 

 

Мөн Хангайн бүсийн гурван аймагт барьж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах зэрэг зам, дэд бүтцийн саналууд эрчимтэй яригдсан.


Соёл, боловсролын хүрээнд төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг нийлээд 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна.

Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа. Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана.  


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ, Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгалаа. 

Холбоотой мэдээ