ХӨВСГӨЛ: Галыг унтраахаар 52 алба хаагч 6 техник хэрэгсэлтэй ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст 7 дугаар баг "Шинэ Мөрөн" худалдааны төвд гал түймэр гарсан тухай дуудлага 4 дүгээр сарын 14-ний 21 цаг 34 минутад Хөвсгөл аймгийн ОБГ-т ирсэн байна.
Тухайн газарт Онцгой байдлын газрын 52 алба хаагч 6 техник хэрэгсэлтэй галыг унтраахаар ажиллаж байна.
Цагдаагийн газрын 72 албан хаагч хамгаалалтын үүрэг гүйцэтгэн, Хөвсгөл Ус суваг компанийн алба хаагчид ус зөөвөрлөж байна.
ОБГ-ын алба хаагчид тухайн барилгын нэг давхраас зарим аж ахуйн нэгж, иргэдийн бараа материалыг аюулгүй зай талбайд зөөн байрлуулсан байна.
"Шинэ Мөрөн" худалдааны төв нь 73х43 метрийн хэмжээтэй, 2 давхар, сэндвичин хийц бүтэцтэй барилга юм.
Тус төвд 260 гаруй иргэн түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлдэг.