НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад ажлын айлчлал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др.Ана Брайан Нугререс манай улсад энэ сарын 8-14-нд ажлын айлчлал хийв.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Тусгай илтгэгчийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2004 онд НҮБ-ын тусгай мандат эзэмшигч, илтгэгч нарт хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу манай улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлж, Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд НҮБ, түүний системийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буйгаа тэмдэглэн хэлэв.
Тусгай илтгэгч Др.Ана Брайан Нугререс айлчлалынхаа хүрээнд
УИХ-ын Инновац, Цахим бодлогын байнгын хороо, УИХ-ын Хүний
эрхийн дэд хороо, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын
газар, Тагнуулын Ерөнхий газар, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац,
харилцаа холбооны яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй
уулзаж, хүний хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого,
хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцав.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөд энэ сарын 14-нд айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2026 оны гуравдугаар сард эцсийн тайлангаа танилцуулна гэж ГХЯ-наас мэдээллээ.