ОРХОН: Гадаадын их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр: 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийг 4 дүгээр сарын 21-ний өдрөөс бүртгэнэ.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж төгсөгчдийг гадаадын их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасан.
Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах үүднээс БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуультай Орхон аймаг 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд Орхон аймгийн харьяат 17-23 насны 30 иргэнийг Сүнчон үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлийн I улиралд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах тухай журам баталсан байна.
Тэтгэлэг хүсэгч нь журмын хавсралтад заасан барилгын инженер, барилга архитектур, цахилгааны инженер, ойн инженер, химийн инженер, цэцэрлэгжүүлэлт зэрэг 30 элсэх мэргэжлийн жагсаалтаас зөвхөн нэг мэргэжлийг сонгож, тухайн мэргэжилд харгалзах хичээл болон англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхаар тусгажээ.
Орон нутгийн төсвөөс тэтгэлэгт тэнцсэн иргэний хэлний бэлтгэлийн I улирал буюу 6 сартай тэнцэх хугацааны сургалтын төлбөрийг 100 хувь, тэтгэлэгт хамрагдах хугацааны дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчон их сургууль хариуцах юм. Тэтгэлэгт хамрагдагч нь хэлний бэлтгэлийн II улирлаас сургалтын төлбөр, дотуур байр, хоол, эрүүл мэндийн даатгалын төлбөр болон бусад зардлыг өөрөө хариуцах бөгөөд хэлний бэлтгэлийн дүн, сургалтын чанар зэргээс хамаарч бакалаврын хөтөлбөрт хамрагдахдаа сургалтын төлбөрийн 70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Мөн тэтгэлэг хүсэгчийн ар гэр, батлан даагчдад тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох, эцэг эх нь нас барсан тохиолдолд хоёрдугаар батлан даагч буюу төрсөн ах, эгч, дүү эсвэл авга, нагац нарын татвар төлсөн байдал, нийгмийн даатгалаар нотлох зэрэг хэд хэдэн төрлийн шаардлагыг тавьж буй.
Тэтгэлэг хүсэгчдийн материалыг ирэх дөрөвдүгээр сарын 21-25-ныг хүртэл аймгийн Боловсролын газарт хүлээн авахаар бэлтгэл хангаж байна.