Байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-16 12:55:27

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш БНХАУ-ын Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)-ын Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, Нарийн бичгийн дарга Цян Син Кун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар талууд газрын тосны салбарын хамтын ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, хайгуул судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцлоо.


Ноён Цян Син Кун судалгааны төвийн үйл ажиллагааг танилцуулаад талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.


Сайдын зөвлөх Л.Чой-Иш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр CNPC корпорацын ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж санал солилцсон нь хоёр орны газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглэлээ. Тэрбээр,  тулгарсан асуудлыг харилцан ашигтай, хамтдаа шийдэхийн чухлыг онцлоод, талуудын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхэд салбар яам бодлогоор дэмжиж, үр дүнтэй, бодитой ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлжээ.



Уулзалтад тус корпорацын Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын орчны судалгааны төв, Байгалийн хийн зах зээлийн судалгааны төв, Хайгуул, ашиглалтын судалгааны хүрээлэн, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн төлөөлөгчид оролцсоныг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлэв. 

Холбоотой мэдээ