“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Хоёр дахь жилдээ болж буй энэхүү үзэсгэлэн
худалдаа нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах,
тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээхэд чиглэсэн төдийгүй
салбарын мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн
илтгэл тавьж, олон нийтийн асуултад нээлттэй хариулж зөвлөгөө өгдгөөрөө онцлогтой.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдааны үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнд нь харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлжээ.
Тэгвэл энэ удаа салбарын экспертүүд, бодлого тодорхойлогчид “Тогтвортой хөгжил-Ногоон барилга” сэдвийн хүрээнд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлж, цаашид хэрэгжих ногоон төсөл хөтөлбөрүүд ирээдүйн чиг хандлага, салбарын хөгжилд ямар боломж, шийдлүүдийг хэлэлцэх аж.
Энэ үеэр иргэд байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологитай танилцахын сацуу ногоон зээлийг судалж, бүтээгдэхүүн авах боломж бүрдэх юм.
Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-ныг хүртэл МҮЭСТО-д үргэлжилнэ.