БАЯНХОНГОР: БНСУ-ын “Хьюндай” эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагааг улсын жишиг болгох, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Эрүүл мэндийн яамтай Баянхонгор аймаг хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын 60 гаруй хүний бүрэлдэхүүнийг БНСУ-ын “Хьюндай” эмнэлэгт дөрвөн ээлжээр туршлага судлуулж, сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, ЭМГ-ын дарга Т.Одонтунгалаг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Ганзул нарын 15 хүний бүрэлдэхүүнтэй эхний баг эмнэлгийн удирдлага, амбулаторийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэлт хяналт, тав тухтай эмнэлгийн орчин бүрдүүлэх чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдаж байна.
Жишиг амбулатор ашиглалтад оруулахтай холбогдуулан тус эмнэлэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт Яаралтай тусламж тасгийг шинэчлэх, хагалгааны өрөөг шинэчлэх, лифттэй болгох, эмч мэргэжилтэнүүдийн урт хугацааны сургалт дадлага зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.