ХОВД: Зөвшөөрөлгүй газрыг тавдугаар сарын 1-нээс албадан чөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд газартай холбоотой зөрчлийг арилгах ажил үе шаттай хэрэгжиж байна.
Жаргалант сумын ИТХ саяхан хуралдаж, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй зөрчилдсөн алдаа дутагдлыг арилгах, хэмжээ талбай хэтрүүлэн татсан хашаа, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг асуудлыг цэгцлэх үүднээс 108 байршилд 78 га газрыг чөлөөлөхөөр тусгажээ. Мөн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гражийг албадан буулгахаар шийдвэрлэж, судалгаа хийж байна.
Жаргалант сумын Засаг дарга энэ сарын 16-нд газрыг чөлөөлөх албадан буулгах тухай А/172 тоот захирамж гаргалаа.
Тус сумын нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй газарт барилга, хашаа барьсан, мөн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлийг арилгах үүднээс зарим газрыг албадан чөлөөлөх ажил тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр болжээ.