БАЯНХОНГОР: Бэлчээрийн менежментийг сайжруулахад хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-18 13:36:29
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк, "Говь" ХК-иас санхүүжүүлэн Баянхонгор аймгийн Жинст, Баян-Овоо, Эрдэнэцогт суманд "Бэлчээрийн шийдэл" төслийг энэ оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Ажлын баг Баянхонгорт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.

Төслийн багийн ахлагч Кэвин Галлагхер болон “Говь” компанийн төлөөлөл багтсан төслийн багийн бүрэлдэхүүн "Бэлчээрийн менежмент, экологийн чиглэлээр малчдыг сургаж, тэдэнд хэрэглээний санхүүгийн үйл ажиллагааны мэдлэг олгох, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэн гурван хэлбэрээр төслийг хэрэгжүүлнэ. Бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлаар тодорхой шийдэл бүхий шилдэг загварчлалын дагуу явуулна" гэдгээ уулзалтын үеэр онцоллоо.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, “Бэлчээрийн зөв зохистой менежментэд анхааран төслөө хэрэгжүүлэхээр Баянхонгор аймгийг сонгосонд талархаж байна, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллах болно” гэдгийг хэлсэн юм.

Тус төсөл нь малчдын цаг уурын эрс тэс нөхцөлийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, ноолуурын тогтвортой худалдан авалт, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих төдийгүй ноолуурын нэмүү өртгийн сүлжээнд мөрдвөл зохих стандартыг бий болгох зорилготой. Түүнчлэн энэхүү төсөл нь хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Монгол Улсын ХАА-н салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Холбоотой мэдээ