Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг цөөрүүлж 35 болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав.
УИХ-ын намрын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүдийг томилж,
УИХ-аас тодорхой үүрэг чиглэл өгсөн бөгөөд иргэдийн хэрэглээний зээлийн хүүг
бууруулах чиглэлээр шийдвэр гарсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн
салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.
Санхүүгийн
зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын танилцуулгадаа тус байгууллагын хэрэгжүүлж буй
захиргааны хэм хэмжээний 79 актыг цөөрүүлж 35 болгосон бөгөөд энэ нь журам
нэрийн дор аж ахуйн нэгжүүд,
иргэдэд хүндрэл учруулдаг байдлыг багасгаж буй хэлбэр гэдгийг тодотголоо.
Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах
хороо нь 33 тусгай зөвшөөрөл, 26 энгийн зөвшөөрөл олгодог бөгөөд
Зохицуулалтын салбарын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд уг
зөвшөөрлийн тоог багасгаж, тусгай зөвшөөрлийг 30, энгийн зөвшөөрлийг 15 болгож
бууруулах талаар ЗГХЭГ-т хүргүүлсэн
байна.
Манай улсад 573 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа
бөгөөд 2 сая 300 мянган зээлдэгчтэй. Тэдгээр зээлдэгчдийн 75 хувийг цахим
зээлдэгч гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн хугацаанд 77 ББСБ арилжааны банкуудаас
622 тэрбум төгрөгийн төгрөгийн зээл авсан байгаа нь ББСБ-ын хэрэглээний зээлийн
хүү өндөр байгаа гол шалтгааны нэг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц танилцууллаа.
Тиймээс энэ оны гуравдугаар
сарын 20-нд Санхүүгийн зохицуулах
хорооноос ББСБ нь арилжааны банкаас зээл авдгийг хориглож, гадаадын
улс орнуудаас эх үүсвэр татахыг нээсэн байна. Мөн ББСБ-ын зээл олголтод өр
орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ.
Түүнчлэн мөнгөн зээл олгож байгаа иргэн, хуулийн этгээдийг
албан ёсоор бүртгэдэг болж, сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувь болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.