Тажикистан Улсын Гадаад хэргийн дэд сайдтай цахим уулзалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Шарифзода Фаррух Хомиддинтай энэ сарын 17-нд цахим уулзалт хийв.
Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн цаашид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв гэж ГХЯ-наас мэдээллээ.