СЭЛЭНГЭ: “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчид VIII их наадамд оролцох эрхээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Марафон буюу засмал
замаар, кросс каунтри буюу уулын замаар гэсэн 2 төрлөөр өнгөрсөн 7 хоногт
зохион байгуулсан Өсвөрийн тамирчдын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээнд
Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчид амжилттай оролцож, шилдэг
багийн шагнал хүртжээ.
Сүхбаатар суманд болсон тус тэмцээнд
Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн 15 тамирчин оролцсоноос дөрвөн
тамирчин хүүхдийн спортын VIII их наадамд оролцох эрхээ авсан байна.
Тодруулбал, 15-16 насны
эрэгтэйчүүдээс Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Э.Хаш-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р
сургуулийн сурагч Б.Аззаяа, 13-14 насны эрэгтэйчүүдээс мөн сургуулийн
Э.Эрдэнэ-Хүслэн, эмэгтэйчүүдээс Б.Лхагвагэрэл нар шалгарсан юм.
Мөн тэмцээнээс Э.Хаш-Эрдэнэ хос
алтан медаль, Б.Бат-Ирмүүн хос мөнгө, Б.Төгсцогт хос хүрэл, Э.Эрдэнэхүслэн
алт, мөнгө, М.Баярзул алт, мөнгө, М.Мөнгөнбаяр мөнгө, хүрэл, М.Баярцэнд хүрэл
медаль, охидоос Б.Аззаяа хошой алт,
Б.Лхагвагэрэл хошой алт, Д.Долгоржав хошой мөнгөн медаль хүртэж 3 дахь жилдээ
дахин шилдэг гэдгээ баталсан байна.