ХОВД: “Аниргүйн гүнд” уран зургийн үзэсгэлэнг 200 гаруй хүн үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-19 22:32:34

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Мөнгөнзаяа энэ сарын 18-нд уран зургийн үзэсгэлэн гаргалаа. 


Тэрбээр анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ “Аниргүйн гүнд” хэмээн нэрлэж, 70 орчим бүтээл танилцуулав. 


Б.Мөнгөнзаяагийн бүтээлд өөрийн дотоод ертөнц, мэдрэмж, байгальтайгаа харилцах эгэл бус илэрхийлэл багтсан бөгөөд хүүхэд, залууст урам зориг өгөхийг зорьжээ. Түүний бүтээлийн үзэсгэлэнг 200 гаруй иргэн, хүүхэд, өсвөр үеийнхэн үзэж сонирхлоо.


Булган сум бол Ховд аймгийн төвөөс 380 гаруй км зайд орших, баруун бүсийн алслагдсан сумдын нэг юм. Хөдөө орон нутагт суралцахын зэрэгцээ авьяас, ур чадвараа хөгжүүлж яваа бүтээлч хүүхэд олон бий. Тэдний нэг бол Б.Мөнгөнзаяа. 


Тэрбээр төгсөх ангийн сурагчийн хувьд аймгийн төвд ирж эх хэлний шалгалтаа өгсөн ба энэ үеэр Хүүхдийн ордны нэг давхарт уран зургийн шилдэг бүтээлээс дэлгэж олон нийтийн хүртээл болгосон нь энэ юм. 


Б.Мөнгөнзаяа хэлэхдээ, "Бага наснаасаа зураг зурах дуртай байсан. Ахлах ангид суралцаж эхлээд цаашдын зорилго, хүсэл эрмэлзлээ уран зурагтай холбохоор шийдэж, нэлээд эрчимтэй зурах болсон юм. Би зураг зурахдаа маш их тайвшрал мэдэрдэг.  Бухимдсан, сэтгэл санаа тогтворгүй үедээ зураг зурахад нэг л сайхан болдог. Зураг зурахад цаг хугацаа их зарцуулна. Нэг зураг дээр 5-6 цаг суух нь бий.

Магадгүй зураг зурж чадахгүй хүн гэж байхгүй, оролдоод байхаар алхам алхмаар сайжирдаг. Би ч анхнаасаа сайн зурдаг байгаагүй, дахин дахин оролдож, одоо ч суралцаад явж байгаа. Тиймээс хүүхэд, өсвөр үеийнхэн минь өөрийнхөө сонирхдог зүйлийг дахин дахин хийж, оролдож үзээрэй" гэв.  


Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Б.Мөнгөнзаяад "Шилдэг хүүхэд" медаль гардууллаа. 






Холбоотой мэдээ