XIII удаагийн “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-20 11:12:36

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын XIII удаагийн шигшээ тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ. 


Энэхүү тэмцээнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд хоёр насны ангиллаар гурван үе шаттай зохион байгуулж байна.


Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, тэдэнд хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх гол зорилготой.


“Улаанбаатар лиг” волейболын тэмцээний нэг, хоёрдугаар үе шатанд нийслэлийн есөн дүүргийн ЕБ-ын 142 сургуулийн 540 багийн 67120 сурагч өрсөлдсөн бол нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч оролцоно.


Тэмцээн “Буянт-Ухаа” спорт ордонд энэ сарын 21-23-нд болох юм.

Холбоотой мэдээ