COP17-гийн бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-21 16:28:19

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улс ирэх онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна.

 

Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага хамтран Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр анх удаа боллоо.


Зөвлөлдөх уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, манай улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилтыг танилцуулж, хөгжлийн түнш улс, байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах тухайд харилцан ярилцав.


Энэхүү бага хурлын зохион байгуулалтыг хариуцсан Үндэсний хороог Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Тус Үндэсний хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахалж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн уулзалтын үеэр хэлэхдээ, COP17-г Улаанбаатар хотноо ирэх онд 14 хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байгаа нь маш том боломж бөгөөд стратегийн чухал үйл явдал болно. Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжөөд буй энэ үед тус хурлыг хөгжлийн түншүүдтэйгээ хамтран эх орондоо зохион байгуулах нь монгол орны газар нутаг, байгаль орчныг экологийн сүйрэлд хүргэхгүй байх боломжит хувилбар юм хэмээлээ.


Мөн үеэр ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь, “Өмнө нь бидний хийж байсан ажил ихэвчлэн дотоодын зохион байгуулалт руу чиглэж ирсэн. Өнөөдрийн хурлын хувьд, COP17-г зохион байгуулах бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Учир нь олон улсын түвшний хурлыг зохион байгуулахад нэг улс хүчирдэггүй. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уг хурлын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар болж байна гэсэн үг.


Үүний зэрэгцээ манай улс 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгох НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан орны хувьд COP17 бага хурлын үеэр "Бэлчээрийн шүхэр санаачилга", "Бэлчээрийн олон улсын эвсэл"-ийн талаар танилцуулахаар бэлтгэж байна. Энэхүү санаачилгатай холбоотой баримт бичгийг боловсруулах, олон улсын дэмжлэг авах, нөгөө талдаа санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ бүх ажил дээр дэмжлэг үзүүлэх юм” хэмээн ярив. 


Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, газар хөрсний салбарын дотоодын бодлого, үйл ажиллагааг олон улсын стандарт, жишигт нийцүүлэхэд томоохон түлхэц болохоос гадна Монгол Улсын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах ач холбогдолтой.

Холбоотой мэдээ