Уур амьсгалын санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-22 14:26:53

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бангкок хотноо энэ сарын 21-25-нд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 81 дүгээр чуулганд оролцож байна. 

 

Тэрбээр энэ сарын 21-нд чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үг хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутагт хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулах, бүс нутгийн хүч чармайлтыг эрчимжүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийг хамгаалах сүлжээг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. 

 

Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмэр оруулж буйг танилцуулж, дасан зохицох иж бүрэн стратеги, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүртээмжтэй байдлаар яаралтай нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Холбоотой мэдээ