Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар энэ сарын 24-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1978
оноос хойш буюу 47 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал
гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын
Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр
талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны зарим
асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой
тохиож байна.