“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг Европын үзэгчдэд хүргэсэнд баяр хүргэж, амжилт хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тус улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “МИТЕМ” олон улсын театрын фестивальд оролцсон УДЭТ-ын уран бүтээлчидтэй уулзав.
Тэрбээр “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээлээр дамжуулан Монголын ард түмэн, эх оронч үзэл, оюуны өв, үндэсний бахархал, түүх соёлыг Унгарын анд нөхдөд сурталчлан таниулж, Монгол, Унгарын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Түүнчлэн “Тэнгэрийн хүү” жүжгийг Унгар болон Европын үзэгчдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Унгарын Үндэсний театрт талархал илэрхийлэв.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульс жүжгийг анх 2011 онд УДЭТ-ын тайзнаа толилуулсан бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар 2024 онд дахин үзэгчдийн хүртээл болсон аж.