ӨМНӨГОВЬ: Дэлхийн жишигт нийцсэн номын санг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-27 18:26:45

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дэлхийн номын сангийн стандартад нийцсэн, номын фондын өргөтгөл, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг барьж нээлээ.

 

Тус барилгын зураг төсвийг 2020 онд эхлүүлж, улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгөөр барьж, орон нутгийн 2,1 тэрбум төгрөгөөр орчин үеийн интерьер загвараар тохижуулж ашиглалтад орууллаа.

 

Номын сангийн барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, ССАЖЗЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Өммнөговь аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Бичиг соёлын гайхамшигт өв соёлыг, хадгалж хамгаалж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор бүтээн байгуулсан номын сан нь 3 давхар 1452 м.кв талбайтай, нийтийн болон хүүхдийн, англи номын, багачуудын, гэр бүлийн, ганцаарчилсан, цахим номын гэх зэрэг 5 уншлагын танхимтай, соёл танин мэдэхүй, сургалт үйл ажиллагаа зохион байгуулахад зориулсан чөлөөт орон зай, өрөөнүүдтэй, нэг дор 150 уншигч хүлээж авах хүчин чадалтай, орон нутгийн жишиг номын сан юм.

 

Мөн уншигчдад зориулан дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, ирээдүй болсон хүүхэд багачуудын унших, сэтгэх, судлах хөгжлийн замыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр доторх тоног төхөөрөмжийг бүрэн хангажээ.


 

 

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн номын сан” хөтөлбөрийг боловсруулж номоор дамжуулан хувь хүний бүтээлч хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд номын сангийн үүргийг нэмэгдүүлж ажиллахаар тусгасан байна.

 

Мөн аймаг, сумдын номын санг эрдэм шинжилгээний түшиц газар болоход техник технологийн дэвшлийг ашиглан, номын санчдын мэргэжлийн боловсон хүчний тоог өсгөх, мэргэшүүлэх, сайн туршлага судлах нэвтрүүлэх, ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Өмнөговь аймгийн төв номын сангийн сан хөмрөгт 45090 ширхэг ном бүтээл байгаа бөгөөд аймаг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн говь нутгийн хөдөлмөрч иргэдийн түүхэн үйл явдлууд, олон зохиолч бүтээлчдийн утга зохиолын бүтээлүүд зэрэг дундаршгүй арвин баялаг үнэт зүйлс багтаж байгаа билээ.

 

Төв номын сангаар давхардсан тоогоор 113310 уншигч тогтмол үйлчлүүлдэг байна. Шинэ номын сан ашиглалтад орсноор ном уншигч, үйлчлүүлэгчдийн тоо олноор нэмэгдэх юм.



 

Холбоотой мэдээ