Логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-29 16:29:08

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Шинэ Зуунмод буюу Хүннү хотыг төрийн захиргаа, их дээд сургууль, тээвэр логистик, аялал жуулчлал, санхүүгийн төрөлжсөн дагуул хот болгон хөгжүүлнэ. 


Энэ хотыг Хөшгийн хөндийд байгуулсан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж байгаа билээ. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санал солилцох юм.


Улаанбаатар хотод 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд Хүннү хот болон Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл багтаж байгаа. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах дээрх төмөр зам 102.5 км урт үргэлжлэх юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замаар жилд 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотоор дайруулахгүй логистикийн төв рүү тээвэрлэнэ. Ингэснээр нийслэлийн төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг багасгах, Хүннү хотын шинэ суурьшлын бүсийг дэмжихэд үр нөлөөтэй аж.

Холбоотой мэдээ