БАЯН-ӨЛГИЙ: Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-29 17:56:38

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Е.Зангар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явц, үр дүнгийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжууд, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нь 2025 онд тус аймагт хоёр дахь удаагаа зочилж буй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн айлчлалын үеэр 2025-2026 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл солилцож, аймгийн удирдлагуудаас төлөвлөгөөнд тусгах саналуудыг хүлээн авсан билээ.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас тус аймгийн Улаанбайшинт боомтод байрлах Зөөврийн эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.


Их Британийн Засгийн газрын дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сан Баян-Өлгий аймгийн бүх сумын англи хэлний багш нарыг чадавхжуулах “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм.


Мөн Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси болон аймгийн Засаг дарга Е.Зангар нар 2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.







Холбоотой мэдээ