ТӨВ: Хог хаягдлыг агаарт хорт утаа ялгаруулахгүйгээр бүрэн шатаах үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-30 11:28:17

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зуунмод суманд айл өрхөөс үүсэх энгийн хог хаягдлыг шатаах үйлдвэр байгуулах, дэвшилтэт технологийг нэврүүлэхээр болжээ.  


Аймгийн Засаг дарга болон албаны төлөөлөгчид БНХАУ-ын Шэньян хотын Жиньжөү суурин дахь Жянши Жинюань компанийн хог хаягдал шатаах зуухны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.


Энэхүү ажлын хүрээнд 2 талын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, эрчим хүч, ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.


Уулзалтын үеэр Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, "Хог хаягдлын менежментийг сайжруулах замаар хог хаягдлыг бууруулах, орчны бохирдлыг багасгаж иргэдэд тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, эхний ээлжид Зуунмод хотод уг төслийг хэрэгжүүлж, бусад суманд шат дараатай хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд өөрчлөгдөж байна. Энэ цаг үед аймаг, орон нутгийн онцлогт тохирсон хог хаягдлын менежментийг боловсруулж, шатаах зуух, дахин боловсруулах тоног төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх нь чухал байна" гэв.


Хог хаягдлыг шатаах үйлдвэрт ашиглах зуух нь өндөр хэмд бүх төрлийн энгийн хог хаягдал, хуванцар, мод, цаас, хүнс, эмнэлгийн хог хаягдал болон аюултай хог хаягдал зэргийг агаарт хорт утаа ялгаруулахгүйгээр бүрэн шатаах чадалтай байх юм. 


Холбоотой мэдээ