Халуун ус хязгаарлах хуваарийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-30 16:42:49

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас энэ зун орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу халуун ус хязгаарлах хуваарийг өчигдөр баталсан байна.


Хуваарь ёсоор ирэх сарын 15-наас халуус усыг хэсэгчлэн хязгаарлаж,  наймдугаар сарын 20 гэхэд засварын ажлын бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Ингэхдээ хамгийн түрүүнд ирэх сарын 15-наас 14 хоногийн хугацаанд МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, 2, 3, 4-р хороолол, VI бичил хороолол орчмын айлуудын халуун усыг хязгаарлах юм байна.


Түүнчлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн Жуков худалдааны төвөөс Кино үйлдвэр хүртэлх төв зам дагуу ирэх сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл 2Д магистраль шугамын 250мм голчтой 282 метр хос шугамыг 400мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. Энэхүү шугамыг өргөтгөснөөр Амгалан дулааны станцын өргөтгөл, нэг зуухны 116 мВт-ын нэмэгдсэн хүчин чадлыг дамжуулах, Амгалангийн хойд сүлжээг тохиромжтой горимоор ачааллах, нэвтрэх чанар нэмэгдэх юм байна. Мөн уг ажилтай хамт цэвэр ус дамжуулах шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх цэвэр усны 400мм голчтой шугамыг шинээр солих аж. 


Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас энэ онд нийт 23 байршилд ф300-800 мм голчтой 14 км  дулааны шугам, тоноглолыг өргөтгөх, шинэчлэн солих болон шинээр угсарна. Тодруулбал, “УБДС” компанийн хөрөнгө оруулалтаар зургаа, Дэлхийн банкны санхүүжилтээр найм, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр нэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тав, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөнө. Тухайлбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 11е магистралийн дх1113– дх-1118 цэгийн хооронд 2ф800 мм голчтой 197 метр хос шугамыг хэсэгчлэн шинэчлэн солино. Тус шугамыг 1986 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2017-2021 онуудад гулсах тулгуур цөмрөх, гагнуурт гэмтэл гарч засварлаж байжээ. 2020, 2021 онд ЭХХТ-ийн металл шинжилгээний лабораторид хийсэн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж гарсан учраас энэ жил шинэчлэх юм байна. 



Холбоотой мэдээ