Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 10:37:05

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын төв /GRO/-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус төвийн Хөрсний нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөрийн захирал Шёфн Вильхельмсдоттир, Гүний дулааны сургалтын хөтөлбөрийн захирал Бьярни Рихтер, Жендерийн тэгш байдлын сургалтын хөтөлбөрийн захирал Ирма Эрлингсдоттир нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа жендерийн тэгш байдал, гүний дулааны хөтөлбөрүүдэд монгол мэргэжилтнүүдийг оролцуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 



Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын төвд зочлох үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус төвд сургалцаж буй монгол оюутнуудтай уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тэдний үүрэг хариуцлага чухал гэдгийг онцлов. 


Тус төв нь 2020 оноос хойш ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд “Жендерийн тэгш байдлыг судалгаа, сургалтын хөтөлбөр”, “Газрын гүний дулааны сургалтын хөтөлбөр”, “Газрыг нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөр” чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Монгол Улсын 74 мэргэжилтэн 2001-2024 онд тус төвд суралцаж, мэргэжил дээшлүүлжээ.



Холбоотой мэдээ