ӨВӨРХАНГАЙ: Нутгийн дуучид, тамирчид хамтран иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-04 19:55:06

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийг тохижуулахад Өвөрхангай аймгаас төрөн гарсан бөхчүүд, дуучдын “Соёмбо” нэгдэл 10 сая төгрөгийн хандив өргөжээ.


Иргэдэд ихээхэн хүлээлт үүсгэдэг байсан  цахим бүртгэл, яаралтай тусламжийн хэсгийг нэгтгээд Шуурхай удирдлагын нэгж болгон өөрчилж, нэг цэгийн тусламж үйлчилгээг бий болгоод байгаа юм. Мөн БОЭТ-өөс Юнител групптэй гурван жилийн гэрээ байгуулж, интернетийн хурдыг 1000 Mbps хүртэл нэмэгдүүлэн wi-fi сүлжээг бий болгосон ба иргэд, өвчтөнүүд ая тухтай орчинд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ.



Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа болж, "Бидний нутаг Өвөрхангай" тоглолтоо Арвайхээрт толилуулж яваа МУСТА С.Нэргүй, Э.Чулуунчимэг, МУГТ Д.Төмөрхүлэг, Монгол Улсын харцага Б.Цэдэнсодном нар оролцлоо. “Нийгмийн хариуцлагын хүрээнд нутагтаа сайн үйлсийн аян өрнүүлэхийг зорьж, БОЭТ-ийн удирдлагад хандсанаар иргэдэд ээлтэй энэ орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр өргөлөө” хэмээн МУСТА С.Нэргүй ярив.



Цахим үйлчилгээг цогц болгох ажлын хүрээнд 77326666 утсаар бүх дуудлагыг хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Эдгээр бүх ажил нь иргэнд эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй, шуурхай хүргэх, эргэх холбоотой ажиллахад чиглэж байгаа гэдгийг БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан хэллээ. 


Түүнчлэн энэ орчинд Киоск машиныг байрлуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ авахад шаардлагатай лавлагаа, төлбөр тооцооны асуудлыг нэг цэгээс шийдвэрлэх боломж бүрджээ.







Холбоотой мэдээ