ЗАВХАН: Солонготын давааны замын зорчих хэсгийг бүрэн нээгээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн Тосонцэнгэл-Архангайн Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай
авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан хэвээр байна.
Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг 5 дугаар сарын 4-ний өдрийн 17.00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан.
Тус чиглэлд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар хөдөлгөөнийг нээгээгүй байна.
5 дугаар сарын 4-ний өдөр Солонготын даваанд их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч 2 техниктэйгээр ажиллаж Солонготын даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хусаж цэвэрлэсэн байна. Тиймээс иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож тухайн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна. Зорчих чиглэлийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал, автозамын зорчих хэсэг бүрэн аюулгүй болсон үед нээнэ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
5 дугаар сарын 5-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Завхан аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс секундэд 4-9 метр, түр зуур зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар +4+9
градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна гэж аймгийн Цаг уур
орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Архангайн Цагаан давааны зам нээгдээгүй, “АЗЗА НЭГТГЭЛ" ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбараас
зам хусах ажлыг хийж байна.
5-р сарын 5-ний өдрийн 06:36 цагт тэнгэр цэлмэг, цас онгойсон.
А 0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн
улсын чанартай авто замын 57-117 дахь км зорчих хэсэгт битүү тогтсон мөс, цасыг
автогрейдерээр хусаж цэвэрлэх
ажил үргэлжилж байна.