СЭЛЭНГЭ: Яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаартай болсноор олон үйлчилгээг цаг алдалгүй авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-05 09:18:20

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын “Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллалаа.

 

Ажлын багийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар хүлээн авч уулзан санал солилцлоо.

 

Уулзалтаар яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ.

 

Улсын хэмжээнд яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаартай болсноор яаралтай тусламжийн дуудлагыг ямар ч үед (үүрэн холбооны сүлжээ үл харгалзан), хаанаас ч түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч, цаг алдалгүй тусламж авахаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг олон давуу талтай юм.

 

Яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг нэгдсэн 112 дугаарт шилжүүлэх ажлын хүрээнд программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд шаардагдах зардлыг 2026 оны улсын төсөвт тусган санхүүжүүлнэ. 

Холбоотой мэдээ