С.Одонтуяа: Ногоон зээлийн хүүг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-05 09:40:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  БОУАӨ-ийн яамнаас зохион байгуулж буй “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөгт барилгын салбарын дотоодын болон олон улсын 80 гаруй бизнес эрхлэгчид техник, технологи бүтээгдэхүүнээ танилцууллаа.  


БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны С. Одонтуяа нээж үг хэлэхдээ, "Аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж байна, иргэдэд ч дулаалах эрмэлзлэлтэй байна. Гагцхүү банкны зээлийн хүү маш өндөр байгааг олон иргэн, ААН-ийн төлөөлөл хэлж байна. Жилийн 13 хувийн хүү бол бусад оронд ногоон биш арилжааны зээлд тооцогдоно. Ийм өндөр хүүтэй зээлээр агаарын бохирдлыг бууруулах дорвитой алхам хийж чадахгүйг иргэд, ААН-тэй уулзаад мэдэрлээ. Тиймээс Ногоон зээлийн хүүг бууруулж, иргэн, ААН-үүдэд боломж олгох асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд шийдэх шаардлагатайг харлаа. Үүнийг шийдэж чадвал ААН-үүд төрийн оролцоогүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, худалдан авагчаа олж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ААН-үүдэд түүхий нүүрснээс татгалзах саналыг хүргүүлж, ААН-үүд ч дэмжиж байна. Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллага  түүхий нүүрснээс татгалзсан. Одоо Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудыг нүүрс түлдэггүй болгоход анхаарч байна” гээд агаарын бохирдлыг бууруулахын төлөө УИХ, Засгийн газар, ААН, айл өрх, иргэн бүр хамтран ажиллахыг уриаллаа.


“Дулаан байшин” өдөрлөг нь энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

Холбоотой мэдээ