ДУНДГОВЬ: НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн Дундговь аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-05 17:11:31
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн НҮБ-ын Суурин зохицуулалтын газрын Мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа, Гадаад харилцааны яамны ажилтан С.Саруул-Ухаан нарын хамт энэ сарын 3-4-нд тус аймагт ажиллалаа.


Энэ үеэр суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, “Ид шидийн орон Дундговь” хүүхдийн хөгжил, хамгааллын төвөөр зочилж, “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд ЮНИДО-оос Дундговь аймагт үзүүлсэн дэмжлэг, бусад үйл ажиллагаатай танилцсан төдийгүй, гэр бүлийн хамт тус аймгийн Гуяаны төгөлд мод тарьжээ.


Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун болон албаны бусад хүмүүс байлцсан ба энэ үеэр Засаг дарга С.Мөнхчулуун сүүлийн жилүүдэд НҮБ-ын санхүүжилтээр тус аймагт төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, цаашид цөлжилтийг сааруулах, аймгийн нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Түүний хүсэлтийг НҮБ-ын суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.  

Тус уулзалтын үр дүнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтаж, Цөлжилттэй, хуурайшилттай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан “Залуу малчдын чуулга уулзалт”-ыг ирэх сарын 16, 17-нд Дундговь аймагт зохион байгуулна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 









Холбоотой мэдээ