В.Путин, Ши Жиньпин нар хийн хоолойн төслийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-08 11:39:16

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 8 /Bloomberg/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ долоо хоногт байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой тавих асуудлыг дахин хэлэлцэхээр тохиролцжээ.


В.Путин Хятадын талыг жил бүр нэмж 50 тэрбум шоо метр байгалийн хий худалдан авахыг олон жилийн турш ятгаж ирсэн ч түүний оролдлогууд амжилтгүй болж байсан юм. Харин энэ удаад Бээжин үнийн нөхцөл дээр тодорхой хэмжээний буулт хийхэд бэлэн байна гэж Bloomberg агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна. 


Өнөөг хүртэл тавигдаагүй байгаа “Сибирийн хүч-2” хоолойгоор нийлүүлэх хийг Оросын дотоодын үнээр худалдахыг Хятадын тал шаардаж ирсэн бол энэ удаагийн айлчлалын үеэр илүү өндөр үнээр худалдах хэлэлцээг эхлүүлж магадгүй гэж энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжууд тус агентлагт ярьжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын тал одоо Оросын дотоодын үнэ ба “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлж буй хийн үнийн дундаж ханшаар авах хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ. 


Анхны “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой 2019 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах төлөвлөсөн хүчин чадалдаа өнгөрсөн оны 12 дугаар сард хүрсэн байна. Харин “Сибирийн хүч-2” хоолой нь Оросын талын тооцооллоор Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой бөгөөд уг орд нь 2022 он хүртэл Европыг хангаж байсан юм. Төлөвлөсөн ёсоор бол энэ шинэ хоолойг Монголын нутгаар дайруулан Хятад руу тавих ёстой. Гэхдээ “Bloomberg” агентлагийн эх сурвалжуудын хэлснээр, Хятадын тал анхны “Сибирийн хүч” хоолойн нэгэн адилаар Оросоос шууд Хятадад хүрэх чиглэлийг илүүд үзэж байгаа ажээ.



Холбоотой мэдээ