Хиймэл дагуулын талаар судлах ажлын хэсэг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад олон талт хэрэгцээ, шаардлагад нийцсэн үр өгөөжтэй ашиглах боломжтой хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэхүү ажлын хэсэг байгуулах хэрэгцээ, шаардлагын талаар
УИХ-ын гишүүн Ч.Анар нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал
өөрчлөгдөж, аюулгүй байдлаа хангах үүднээс үндэсний хиймэл дагуулын төсөл
хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хамтарсан Засгийн газрын
хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд энэ ажлыг хийхээр төлөвлөсөн.
УИХ-аас төсөвт өртөг өндөр, техник эдийн засгийн үндэслэл хангалтгүй гэх шүүмжлэлийн дагуу Засгийн газар ажиллаж байна. Харин УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос техникийн дүгнэлт, нөхцөл байдлын анализыг хамтран хийж, хэлэлцээрт ороход бэлэн байхын тулд ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн саналтай байна гэв. Тус байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
Дээрх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Анар, гишүүдээр УИХ-ын
гишүүн Ж.Золжаргал, Э.Батшугар, Б.Пунсалмаа, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа нар
ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.