Тувагаас Монгол руу тогтмол нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-05-08 15:35:14

КРАСНОЯРСК, 2025 оны тавдугаар сарын 8 /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд үйлдэх тогтмол нислэгийг зургаадугаар сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай Тувагийн тэргүүн Владислав Ховалыг Телеграм сувагт мэдээлжээ.


“Кызыл, Улаанбаатарын хооронд үйлдэх нислэг эхний ээлжид наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Тувагаас зорчих иргэд Улаанбаатараас цааш Сөүл, Токио, Бээжин, Хонконг зэрэг чиглэлд нислэгийн суудал захиалах боломжтой байхаар цагийн хуваарийг зохицуулж байна” гэж тэрбээр бичсэн байна. 


Урьдчилсан тооцоогоор, нэг талын нислэгийн тийзийн үнэ 20 мянган рубль байх төлөвтэй. Тувагийн тэргүүний хэлснээр, хөөрч буух зурвасуудыг шинэчлэх, гааль, хилийн шалган нэвтрүүлэх ажиллагаатай холбоотой тусгай терминал байгуулах зэргээр нисэх онгоцны буудалд шаардлагатай бүхий л дэд бүтцийг бүрдүүлжээ. 


Өнгөрсөн оны гуравдугаар сард Кызылын нисэх онгоцны буудалд цагт 100 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай олон улсын шалган нэвтрүүлэх цэгийг нээсэн байна. Хилийн шалгалтыг хийх өрөөнүүдийг бүрэн тоноглож, бэлэн болгожээ. Олон улсын терминалын байранд паспортын хяналтын таван бүхээг суурилуулсан байна. Нисэх буудлын шинэчлэлийн ажлыг Холбооны улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд нийтдээ хагас тэрбум рублийн зардал гарчээ. Тувагаас Монголын нийслэлийн чиглэл дэх анхны нислэгийг 2024 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нисэх онгоцоор  гүйцэтгэж байв.



Холбоотой мэдээ