БАЯН-ӨЛГИЙ: Сувилагч, эх баригч тусгай мэргэжилтний баярыг эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагч, эх баригч тусгай мэргэжилтний баярын өдрийг тохиолдуулан “Сувилагчаа сонсъё, эх баригчаа сонсъё” уриан дор нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Нэгдсэн эмнэлгийн 22 тасгаас 13 илтгэл
бэлдэж оролцон шилдгүүдээ шалгарууллаа.
Судалгааны ажлаар 1 дүгээр байрт “Теп/taping/ эмчилгээний үр дүнг судлах” сэдвээр Уламжлалт сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалч Б.Ахбота, 2 дугаар байрт "Бага жинтэй нярайн асаргаа" сэдвээр Төрөх тасгийн нярайн сувилагч Б.Алтынгүл, Д.Марал нар, 3 дугаар байрт “Манас таталттай илүүдэл жинтэй төрсөн эхчүүд” сэдвээр Төрөх тасгийн эх баригч Е.Айнур, Ж.Анар, “Сувилагчийн үнэ цэн” сэдвээр Х.Гүлдаурен, А.Бахытгүл, Т. Гүлзат нар, тусгай байрт “Сувилагч, эх баригч нарын дунд уян зүү тавих арга барилыг судлах нь” сэдвээр Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч А.Ахерке, Х.Есенгүл, С.Еркенур нар тус тус шалгарчээ.
Энэ хүрээнд сувилагчид ахмад үеийнхний туршлагаас суралцах, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Ахмад сувилагч нарын салбар зөвлөл, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх ахмадын зөвлөл хамтран 32 жил тус эмнэлэгт сувилагчаар ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан ахмад сувилагч М.Хазинаш гуайн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, түүний үнэтэй сургаал, зөвлөгөөг залуу үеийнхэнд таниулан сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүү нүүр, чих хамар хоолой, нүдний мэс заслын тасгийн сувилагчдын санаачилгаар амбулаториор үйлчлүүлэгч иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэргжлийн эмчид үзүүлж эмийг эмчийн заавраар зөв хэрэглэх чиглэлээр мэдээлэл өглөө.



