Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-10 16:22:53

Улаанбаатар, 2025 оны тавдуаар сарын 10 /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов.


Тэрбээр хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар онцлов. Түүнчлэн нийслэл хотыг хөгжүүлэх 24 мега төслийн үйл явцын талаар танилцуулж, дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.


Харин Будапешт хотын дарга Гергей Корачон хэлэхдээ, Бид нийтийн тээврийн шийдэл, тэр дундаа метро, трамвай, рашаан, сувиллын хөгжүүлэлт, Дунай мөрнөөс ус хуримтлуулах туршлага хуваалцахдаа таатай байна. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр хотын хооронд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Манайх Европын хамгийн анхны метро болон трамвайн иж бүрэн шугам сүлжээтэй хот юм. Улаанбаатар хот метро болон трамвай байгуулах гэж байгааг оновчтой шийдэл гэж харж байгаа. Учир нь трамвай төслийг хэрэгжүүлснээр авто замын системээ бүрэн шинэчлэх давуу талтай. Бид өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн” гэв.

 Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэй Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг нутагтаа урьж, ажиллуулахаар болов.


  


Холбоотой мэдээ