Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Зулпхар нар энэ сарын 9-нд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, ноён Алберто Родригэс Пинзон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Нийгмийн бодлогын
байнгын хорооны дарга Л.Энхнасан УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн болон Байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийн
талаар товч танилцуулаад, эрүүл мэндийн болон нийгмийн бусад салбарт Дэлхийн
банктай явуулж буй хамтын ажиллагаанд талархаж явдгаа дурдсан юм. Тэрбээр эмнэлгийн
яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах зорилгоор тус банкны санхүүжилтээр
хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг нутагшуулж
байгаад баяртай байгаагаа онцлоод, төслийг цаашид хөдөөгийн түргэн тусламжийг
сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа
илэрхийлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өмнөх парламентаар
баталсан боловсролын багц
хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа өгүүлээд,
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлан, бодлого,
хөтөлбөрөө боловсруулж буйтай холбогдуулан хөдөөгийн болон алсалсан нутаг,
хил орчмын бүсэд бага сургуулиудыг шинээр байгуулах ажлыг төлөвлөж, НҮБ-ын
Хүүхдийн сантай хамтран эхний туршилтын төслийг хэрэгжүүлж байгаагаа
танилцуулсан юм. Мөн тэрбээр бага, дунд, ахлах сургуулийг тус тусад нь
хөгжүүлэх бодлого баримталж, сургалтын чанарыг сайжруулах, үүний хүрээнд англи
хэлний сургалтад Pearson хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, сумдын сургуулийн орчныг
сайжруулж, орчин үеийн боловсон 00-той болгох ажил дуусах шатандаа орсныг
ярилаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар Монгол Улс нийгмийн
даатгалын тогтолцоогоо шинэчлэхэд Дэлхийн банк тусалж хамтран ажилласныг
тэмдэглээд, тогтолцооны үндсэн үзүүлэлтүүд буюу нийгмийн даатгалын үйлчилгээнд
баримтлах суурь нөхцөлүүдийг шинэчлэх зэрэг зарим асуудлыг гүйцээн шийдвэрлэх
шаардлага тулгамдаж байгааг дурдсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж
буй, удахгүй боловсролын салбарт мөнхүү нэвтрүүлэх гүйцэтгэлийн санхүүжилтийн
тогтолцоог боловсронгуй болгох талаар хамтран ажиллах хүсэв. Тэрбээр Засгийн газраас үйл
ажиллагааныхаа хөтөлбөрийн дагуу эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтад
түлхүү анхаарал хандуулж байгааг танилцуулан, УИХ-ын Нийгмийн бодлогын болон Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод Засгийн газрын бодлого, чиглэлийг дэмжиж ажиллахын хамт хүний хөгжил,
нийгмийн асуудлыг орхигдуулахгүйг эрмэлзэж байна гэв.
Ноён Алберто
Родригэс Пинзон аливаа улс эрчимтэй хөгжиж, өндөр орлоготой орнуудын тоонд
орохын тулд хүндээ хөрөнгө оруулах нь чухал гэдгийг онцолж, олон улсын
санхүүгийн эх үүсвэрийг нийгмийн салбаруудад ашиглах талаар Засгийн газартай
хамтран ажиллахад Байнгын хороодод туслахаа илэрхийлэв. Ялангуяа ирэх оныг
“Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачууд эх
орныхоо аль хэсэгт, төв суурин газраас хэр алс, ойр амьдарч байгаагаасаа үл
хамааран боловсрол олох тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлэх талаар
хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.
Уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн боловсролын менежер Кристиан Аэдо, Монгол, Хятад, Өмнөд Солонгосыг хариуцсан хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Мариа Ана Луго болон эрүүл мэнд, боловсролын мэргэжилтнүүд байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.