Эхний улиралд дотоод худалдааны борлуулалтын орлого 14.1 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дотоод худалдааны борлуулалтын орлого 2025 оны эхний улиралд 14.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 54 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Салбарын борлуулалтын орлогын 23.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.5 хувийг
хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлжээ.
Хүнсний бүтээгдэхүүний худалдаа оны эхний улиралд 3.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 335.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 10.8 их наяд төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 281.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хүнсний бус бүтээгдэхүүний бууралтад:
- төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 117.2 тэрбум төгрөгөөр,
- эм, гоо сайхан, ариун цэврийн барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 58.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн аж.
Дотоод худалдааны оны эхний улиралын борлуулалтын орлогын 42.9 хувь нь бөөний худалдаа, 57.1 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногджээ.