Зорчигчийн мэдээллийг нэгтгэж хүлээн авах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-12 14:15:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Зорчигчийн мэдээллийн төв (ЗМТ), Олон улсын SITA компанитай хамтран Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа.


Гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн байна. ЗМТ нь дэлхийн 60 гаруй улсын Засгийн газар, агаарын тээврийн байгууллагатай хамтран ажилладаг SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулж, Агаарын зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийн мэдээллийг нэгтгэн хүлээн авах боломж бүрджээ.


ИНЕГ-ын мэдээлснээр тус гэрээ нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” шаардлагыг биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоол, мөн Засгийн газрын тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэх чухал алхам болж байна. 

Холбоотой мэдээ