ОРХОН: Хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжийг ЭМТ-үүдэд хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-13 09:48:49

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 13/ МОНЦАМЭ/. Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг ECG аппаратыг Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.


“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар 1-р ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг улс орон даяар зохион байгуулж байгаа.


Уг үзлэгийг 2025 оны 4 дүгээр сараас эхлүүлэн хэрэгжүүлж буй бөгөөд Орхон аймагт 22 сургуулийн 2576 сурагчийг хамруулан үзлэг оношилгоо хийж байна.


Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд LEPU MEDICAL компанийн хиймэл оюун ухаанд (ХОУ) суурилсан ухаалаг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат (ECG)-ыг Эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхцэцэг хүлээлгэн өглөө.


Тус төхөөрөмжийг ашигласнаар хүүхдийн зүрхний эмгэгийг эрт шатанд илрүүлэх, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах, эрт оношлогдсон эмгэгүүдийг эрт эмчилж, хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй.


Цаашлаад зүрх судасны өвчний нас баралт, архагшлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.


ХОУ-д суурилсан энэхүү ухаалаг төхөөрөмж нь оношийг шуурхай, нарийвчлалтай гаргаж, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна, дата мэдээлэлд суурилсан урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх юм.



Холбоотой мэдээ