“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал зургаадугаар сарын 5–6-нд Улаанбаатар хотноо болно.
Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний
механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй
байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон
улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж байна.
Манай улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон
тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн энэхүү бага хурлыг өнгөрсөн
хугацаанд тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд,
тэдгээрийг шийдвэрлэх, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах яриа
хэлэлцээний уламжлалт тавцан болж ирэв.
Бага хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй бусад бүс нутгийн орнуудын төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөл идэвхтэй оролцдог гэж ГХЯ-наас мэдээллээ.