ТӨВ: Дулаан хангамжийн 11 дүгээр эх үүсвэрийг хувийн хэвшилтэй хамтран шийднэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон сууцны хороолол болон дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэхэд цахилгааны салбар хуваарилах байгууламж, дэд станцуудыг байгуулах, мөн дулааны эх үүсвэрийг шийдэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Зуунмод хотын аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, эдгээр асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, Шинээр барьж байгаа 2 дахь ээлжийн 2000 айл, 3 дахь ээлжийн 800 айлын орон сууцны хороолол болон дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд цахилгаан хангамж, дулаан хангамжийн эх үүсвэрийн асуудал тулгарч буйг онцоллоо.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд цахилгааны эх үүсвэр 110/35/10кВ-ын станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан боловч цаашид цахилгааны салбар хуваарилах байгууламж, дэд станцуудыг байгуулах, мөн дулааны эх үүсвэрийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Мөн цахилгаан хангамжийн 10кВ-ын цэвэр ус фидер, Жуулчин фидерийн 1700 м 10кВ-ын шугамыг 110/35/10кВ-ын станцтай холбох, 1000 айлын РП84 хуваарилах байгууламжийг 110/35/10кВ-ын станцтай холбох 1100м 10кВ-ын кабел шугам байгуулах ажлыг улс, орон нутаг, хувийн хэвшилтэй хамтран хийж, 2 талын найдвартай тэжээлтэй болгох нэн шаардлагатай. Энэ хүрээнд техникийн нөхцөлийн хүсэлтийг яаралтай шийдвэрлэж, зураг төсөл боловсруулж, ажил эхлүүлэх хэрэгтэй гэв.
Уулзалтын дүнд дулаан хангамжийн 11 дүгээр эх үүсвэрийг 2000
айлын орон сууцны хорооллын 3 дахь блокт төлөвлөх, хөрөнгийн асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдэхээр болжээ.