Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын хуралд оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-ын 50 дахь жилийн тайлангийн хуралд оролцож байна.
Катарын Доха хотноо энэ сарын 12-15-нд болж буй хурлаар үйл
ажиллагааны жилийн тайлан болон дижиталчлал,
кибер аюулгүй байдал, зах зээлийн тогтвортой байдал зэрэг хөрөнгийн зах зээлд
тулгарч буй сорилтыг шийдэх талаар хэлэлцжээ.
Мөн зах зээлийн үр ашиг, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг нэмэх,
хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, ил тод байдлыг дэмжих, финтек, хиймэл оюун, тогтвортой
байдлын хөгжлийн талаар ярилцсан
байна.
Тус олон
улсын байгууллага нь хөрөнгийн зах зээл дээрх санхүүгийн хяналт, шалгалтыг
сайжруулах, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл
солилцох тогтолцоог гүнзгийрүүлэх зорилготой, бүс нутгийн дөрвөн дэд хороотой. Санхүүгийн зохицуулах хороо Ази-Номхон далайн бүсийн хороо (APRC),
Хөгжиж буй зах зээлийн хороо (GEMC)-ны гишүүн юм.
СЗХ-ны дэд
дарга Т.Цэрэнбадрал “Хөрөнгийн зах зээлийн тогтвортой, ил тод байдлын олон
улсын стандартууд”, "Крипто хөрөнгийн тогтолцоо”, “Хувийн санхүүжилтийг
чиглүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцож, тогтвортой
санхүүжилтийн замын зургийг хэрэгжүүлсэн туршлага, бэрхшээл, крипто, дижитал хөрөнгийн зах зээлийн талаар баримталж буй IOSCO-ын зөвлөмж,
хэрхэн үр дүнтэй зохицуулалтыг хэрэгжүүлэх, хувийн санхүүжилтийн чиг хандлага,
эрсдэлийн талаар ярилцжээ.
Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага нь 130 гаруй орны 230 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн хөрөнгийн зах зээлийн бодлого, стандартыг тодорхойлдог. СЗХ 2009 онд тус байгууллагын үндсэн гишүүнээр элсэж, 2014 онд Олон талт харилцан ойлголцлын санамж бичигт нэгджээ.